1.12 дугаар зүйл
Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах
Хувилбар
1. Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2. Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана:
2.1. энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор;
2.2. энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3. Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан оролцогчид биечлэн танилцуулах, эсхүл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.
4. Оролцогч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
5. Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
6. Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.
7. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.
8. Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
8.1. шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох;
8.2. шийдвэр, үйл ажиллагааг өөрчлөх;
8.3. гомдлыг хүлээн авахаас татгалзах.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9. Прокурор энэ зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасан шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
Нэмэлт, өөрчлөлт
4Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Өөрчлөлт
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2020.01.10Шинэчлэн найруулсан
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2020.01.10Нэмэлт
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.