170 дугаар зүйл
Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих
170.1. Дараахь тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчсөнд тооцно:
170.1.1. энэ хуулийн 168.1-д заасан үүргээ биелүүлээгүй;
170.1.2. техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулсан;
170.1.3. Зөрчлийн тухай хуульд заасан нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил үйлдэж, шийтгүүлсэн;
170.1.4. техникийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн;
170.2. Дараахь тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно:
170.2.1. энэ хуулийн 168.1-д заасан үүргээ 3 сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа биелүүлээгүй;
170.2.2. гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн;
170.2.3. энэ хуулийн 170.1.2, 170.1.4-т заасан зөрчлийг давтан гаргасан;
170.2.4. шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, шийдвэр гүйцэтгэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар заналхийлсэн;
170.2.5. техникийн, эсхүл биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн.
170.3. Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчсөн ялтанд дахин зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар сануулж, зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэх ярилцлага хийж, тэмдэглэл үйлдэнэ.
170.4. Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солино.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.