155 дугаар зүйл
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох
Хувилбар
155.1. Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хэргийг хаана:
155.1.1. ялтан шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан;
155.1.2. ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн;
155.1.3. шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээгээр солих тухай шүүхийн шийдвэр гарсан;
155.1.4. ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон;
155.1.5. ялтанд өршөөл, уучлал үзүүлсэн;
155.1.6. ялтан нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн;
155.1.7. ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан буугдсан, эсхүл түүнд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл өөрчлөн байгуулагдах үед тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй;
155.1.8. ялтан хэрэг хариуцах чадваргүй болсон.
155.2. Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 158.2-т заасны дагуу прокуророор хянуулсан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
155.3. Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн 155.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон бол суутгасан төлбөрийг ялтанд буцаан олгоно.
155.4. Гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон бол энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ажиллагааг цуцална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Шинэчлэн найруулсан
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.