154 дугаар зүйл
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх
Хувилбар
154.1. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь тохиолдолд түдгэлзүүлж, түдгэлзүүлэх үндэслэл арилмагц үргэлжлүүлэн гүйцэтгэнэ:
154.1.1. шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ялаас бусад хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тухай саналаа прокурорт гаргасан, эсхүл прокурор энэ тухай дүгнэлтээ шүүхэд хүргүүлсэн;
154.1.2. ялтан ял эдлүүлэх ажиллагаанаас оргон зайлсан, нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон;
154.1.3. ял шийтгүүлсэн хуулийн этгээд татан буугдах, эсхүл өөрчлөн байгуулагдах ажиллагааны үед;
154.1.4. ял шийтгүүлсэн хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн;
154.1.5. нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаныг нотлох эмч нарын комиссын дүгнэлт гарсан;
154.1.6. нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан жирэмсэлсэн бол төрөхөөс өмнөх 60 хоног, төрснөөс хойш 1 жил хүртэл хугацаагаар;
154.1.7. гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас ял эдлүүлэх боломжгүй болсон;
154.1.8. нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн ялтны гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь хүндээр өвчилсөн, эсхүл бусад хүндэтгэх шалтгаанаар ял эдлүүлэх боломжгүй бол 3 сар хүртэл хугацаагаар;
154.1.9. зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон.
154.2. Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан 5 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
154.3. Прокурор энэ хуулийн 154.2-т заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц түдгэлзүүлэх үндэслэлийг хянаж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэж, тогтоол гаргана.
154.4. Энэ хуулийн 154.1.8-д заасан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилаагүй тохиолдолд дахин нэг удаа 3 сар хүртэл хугацаагаар сунгах эсэхийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн прокурор шийдвэрлэнэ.
154.5. Энэ хуулийн 154.1.1-д заасан нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хамаарахгүй.
154.6. Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл арилсан тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан 3 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
154.7. Прокурор энэ хуулийн 154.6-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц сэргээх үндэслэлийг хянаж, 3 хоногийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Нэмэлт
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.