23 дугаар зүйл
Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрх
23.1. Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихдаа холбогдох хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1. ял эдлүүлэх байгууллага, албадах байр, түр саатуулах, баривчлах, цагдан хорих байр, хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ямар ч цагт саадгүй нэвтрэх;
23.1.2. ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээ, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаатай холбогдуулан албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад баримт бичигтэй танилцах, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, уг асуудлыг шалгах, шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх;
23.1.3. ялтан, цагдан хоригдсон этгээдтэй ганцаарчлан, биечлэн уулзах, шаардлагатай бол ялтан, цагдан хоригдсон этгээдээс тайлбар авах;
23.1.4. ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаатай биечлэн танилцах, шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах;
23.1.5. шаардлагатай тохиолдолд зохих мэргэжлийн байгууллагыг хяналт, шалгалтад оролцуулах;
23.1.6. ял шийтгүүлсэн, цагдан хоригдсон этгээд, бусад этгээдийн хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх;
23.1.7. шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан санал, ял эдлүүлэх, хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дүгнэлтийг шүүхэд гаргах, шүүх хуралдаанд оролцох;
23.1.8. ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай баримт бичиг, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах;
23.1.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж түр саатуулагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнийг даруй суллах;
23.1.10. хуульд тусгайлан заасан тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
23.1.11. шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хуульд заасан хугацаанд ирүүлэхийг шүүхээс шаардах;
23.1.12. ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, орон байр, өмчийн халдашгүй байдал, захиран зарцуулах эрхийг хөндсөн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих;
23.1.13. шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой санал, хүсэлт, дүгнэлтийг хянаж шийдвэрлэх;
23.1.14. ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянах;
23.1.15. ял эдлүүлэх ажиллагааны явцад гаргасан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичих;
23.1.16. мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад ялтан шилжүүлэх зөвшөөрөл олгох;
23.1.17. харуул хамгаалалтгүй ажиллах хоригдлын материалыг хянаж зөвшөөрөл олгох, гэрээгээр ажиллах хоригдлын талаархи саналтай танилцах;
23.1.18. олон улсын гэрээний дагуу хорих ял эдэлж байгаа гадаад улсын иргэнийг шилжүүлэн өгөх, гадаад улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах саналыг хянаж шийдвэрлэх, шүүх хуралдаанд дүгнэлт гаргах;
23.1.19. цагдан хоригдсон этгээдийн өрөөг солих зөвшөөрөл олгох.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.