9.7 дугаар зүйл
Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх
Хувилбар
1. Энэ хуулийн тусгай ангид заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан бол доор дурдсан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ:
1.1. бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд;
1.2. бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд;
1.3. хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд;
1.4. хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд;
1.5. компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн бол толгой компанид.
2. Хэргийг хянан шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор санаатайгаар татан буулгасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчдэд, үндэслэлгүйгээр аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээд, эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн бусад хуулийн этгээдээс нөхөн гаргуулна.
3. Хуулийн этгээдэд энэ зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах боломжгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй бол шүүгч гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
4. Энэ зүйлд заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн гэмт хэргийн талаар мэдсэн эсэхээс нь үл хамааран эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Энэ зүйлийг 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмсэн
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ХУУЛИЙН ЭТГЭЭД"
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
/2002.01.10/
"ЭД ХӨРӨНГӨ"
“ЭД ХӨРӨНГӨ” Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 84.1/
/2002.01.10/
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.11Нэмэлт
Энэ зүйлийг 2017.05.11-ний өдрийн хуулиар нэмсэн
2015.12.03Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.