1. Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ.
2. Нээлттэй, хаалттай хорих байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно.
3. Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.
Энэ хэсэгт 2023.12.07-ны өдрийн хуулиар “хорин” гэснийг “хорин таван” гэж өөрчлөлт оруулсан Энэ хэсэгт 2017.05.11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
4. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.
5. Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлнэ.
6. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хүн гучин жил хоригдсоны дараа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдвэрлэнэ.
Энэ хэсэгт 2023.12.07-ны өдрийн хуулиар “хорин таван” гэснийг “гучин” гэж өөрчлөлт оруулсан
7. Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмаар ялтныг суллаагүй бол хоёр жил тутам энэ талаар дахин хэлэлцэнэ.
8. Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд бүх насаар хорих ял оногдуулахгүй.
9. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран эдлээгүй үлдсэн ялыг энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу сольж хорих ял оногдуулна.
Энэ хэсгийг 2017.06.09-ний өдрийн хуулиар нэмсэн